
“Миний хүүхэд насны аав бидэн хоёрын тэр л нандин холбоо насан туршын минь дулаан энгэр, өмөг түшиг, өөр юугаар ч орлууламгүй хамгаалалт байсаар ирсэн юм. Аавд минь ч энэ холбоо насан туршийнх байж өнөөдөр ч үрийнхээ төлөө гэсэн үнэн сэтгэлээ алдаагүй...(1)”.
Яагаад нялх, балчир насныханд аав чухал гэж?
Өмнө нь бид хүүхэд нялх байхад аавын роль нэг их чухал биш харин томхон болоод ирэхээр аавын нэр хүнд, нөлөөлөл нь хүүхдийн хүмүүжилд ач тустай хэмээн үзэж байлаа.
Гэтэл сүүлийн арван жилд хийгдсэн “Аав-нярай-балчир насны хүүхдийн судалгаа”-гаар хүүхдийн сэтгэл санаа, бусадтай харилцах харилцаа эрүүл саруулаар хөгжихөд аавын үүрэг роль туйлын ач холбогдолтой болох нь тогтоогджээ (2).
Хүүхдийг бага байхад ихэнх тохиолдолд ээж нь арчилж хамгаалж, хайр халамжаа зориулан ижил дасал болсон байдаг. Мэдээж хүүхэд дандаа ээжтэйгээ хамт байгаад байна гэж үгүй. Ажил төрөл эрхлэх болон бас бусад шалтгаанаар найм, есөн сартайгаас ч юмуу хэзээ нэгэн цагт ээж хүүхдээсээ хөндийрч таарна. Хүүхэд ээжийнхээ өдөр тутмын хайр халамж, арчилгаанаас хөндийрөх энэ мөчид тэдний хүсэл, хэрэгцээ хайр найргүй арчигдан алга болж, тэдэнд хэчнээн их хэцүү байдаг, тэд ямар их айдастай тулгардаг нь судалгаагаар тогтоогджээ. Эндээс нялх, балчир насны хүүхдэд аавын орон зай нэн чухал хэрэгтэй болох нь тодорч гарч ирсэн байна.
Энэхүү айдастай хямралт үеийг даван гарахаас өмнө ээж-аав-хүүхэд гэсэн гурвалсан холбоо тогтсон байх шаардлагатай аж. Ээжээсээ гадна хүүхэд аавтайгаа ойр, байнгын холбоо харилцаатай байвал ээжээсээ хөндийрөх үед аавынх нь нөмөр нөөлөг ихээхэн хамгаалалт болж, сэтгэл санааг нь тайтгаруулж, хүүхдэд төдийлөн хэцүү биш байдаг байна.
Ийнхүү хүүхэд ийм гурвалсан холбоонд байх тохиолдолд аав, ээжийнхээ аль нэг нь байхгүй байхад тэдэнд хүнд тусдаггүй бөгөөд цаашилбал, эрэгтэй, эмэгтэй хүний аль алинтай нь адилхан хамт байх, харьцах суурь дэвсгэр бүрддэг ажээ. Энэхүү гурвалсан холбоо нь бага насны хүүхдэд ач холбогдолтой төдийгүй аав, ээж, хүүхдийн хоорондын харилцаанд эерэгээр нөлөөлж, тэд бие биендээ улам ойртон дотносоход нөлөөлдөг.
Аав бол хөвгүүдийн үлгэр дуурайл
Цэцэрлэгийн багш дөрвөн настнуудад “За, эхлээд охид ширээндээ суугаарай” гэхэд 2-3 хүү байнга хамт суулцдагийг эс тооцвол энэ насныхан хүйсээ овоо мэддэг болно.
Аав бол хөвгүүдийн жинхэнэ үлгэр дуурайл. Аав тэдэнд юу хийж чаддаг, ямар их хүчтэй гэдгээ харуулна, хүнд нөхцөл байдалд тэднийг хамгаална, шаардлагатай үед нь тусална, ингээд хөвгүүдэд аав шигээ том, “мундаг” болох сэтгэгдэл төрнө. Тэд ааваасаа ээж, эмэгтэйчүүдэд хэрхэн хандаж, яаж харьцах баримжааг ч авна.
Нэг их гавъяа байгуулж
Нэр алдарт гараагүй ч
Сайн аавын хүү байсан болохоор
Сайн л хүн байх гэж хүү нь хичээж байгаа (3)
Аав нар ээжийг бодвол илүү идэвхтэй үйл хөдөлгөөн, өрсөлдөөн, зоригжуулалт, шаардлагаар хөвгүүд төдийгүй охиддоо нөлөөлдөг. Судалгаанаас үзэхэд хүүхдүүд аав нарыгаа найдвартай, хайр халамжтай, хөгжилтэй байхад илүү дуртай байдгаа илэрхийлсэн байдаг.
Аав хүүхэдтэйгээ хэрхэн ойртож дотносох вэ?
Ажил ихтэй байхад юун нялх хүүхэдтэй орооцолдох гэж та бодож магадгүй. Тэгвэл та хүүхэдтэйгээ богино хугацаанд боловч идэвхтэй, чанартай харилцахыг хичээгээрэй. Зарим жишээ:
Нялх байхад: Тэврэх, шаардлагатай үед хуурайлах, усанд оруулахад нь туслах гэх мэтээр бие махбодоороо шүргэлцэн бие биесээ мэдрэх
Балчир насанд: Хамт тоглох (нуугдах, уралдах, усаар тоглох, нэгнийхээ хөдөлгөөнийг дуурайх гэх мэт энгийн), өвөр дээрээ суулгаад хамт ном үзэх, зураг дээр ярилцах, үлгэр уншиж өгөх, шаардлагатай тохиолдолд хооллож ундлах
Цэцэрлэгийн насанд: Хамт тоглох, хүсэлтийг нь анхааран сонсох, хүүхэдтэйгээ ярилцах, хүүхэд байсан үеэ сонирхуулан ярих, ном уншиж өгөх, боломжтой үедээ цэцэрлэгт нь хүргэж өгөх, авах, зарим тохиолдолд аав, хүү хоёр хоёулахнаа ажил үүрэг амжуулах гэх мэт.
Гэхдээ аав нарыг тэгээрэй ингээрэй гэсэн жор байхгүй л дээ. Гэхдээ л та хүүхдийнхээ дэргэд байхад тэдэнд уул шиг нөмөр нөөлөг, түшиг тулгууртай байх бий. Тэгээд тэднийг тоож харьцвал өөрт нь зориулсан сэтгэл, анхаарал халамжийг тэд андахгүй.
бичлэг
